-
Matthew 24
- 1 Тэгээд Есүс сүмээс гарч явав. Тэгэхэд түүнд сүмийн барилгуудыг үзүүлэхээр шавь нар нь ирлээ.
- 2 Гэтэл Есүс тэдэнд, Энэ бүгдийг та нар харахгүй байна уу? Үнэхээр би та нарт хэлье. Энд чулуу чулуун дээрээ, нураагдахгүйгээр үлдэхгүй гэв.
- 3 Тэгээд түүнийг Чидуны уулан дээр сууж байхад шавь нар нь тусдаа түүн дээр ирж, Бидэнд хэлээч, эдгээр зүйл хэзээ болох вэ? Мөн таны ирэх бас энэ дэлхийн төгсгөлийн шинж тэмдэг юу байх вэ? гэлээ.
- 4 Тэгэхэд Есүс тэдэнд хариулж, Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэхээс болгоомжил.
- 5 Учир нь олон хүн, Би бол Христ гэж миний нэрээр ирнэ. Тэгээд олон хүнийг төөрөлдүүлнэ.
- 6 Тэр үед та нар дайнууд болон дайны сургуудыг сонсох болно. Түгшихгүй байхыг анхаар. Учир нь энэ бүхэн болох ёстой. Гэвч төгсгөл нь хараахан биш ээ.
- 7 Яагаад гэвэл үндэстний дэргэд үндэстэн, хаанчлалын дэргэд хаанчлал босно. Түүнчлэн өөр өөр газарт өлсгөлөн, тахал, газар хөдлөлтүүд болно.
- 8 Ийнхүү энэ бүхэн нь дуншилтуудын эхлэл юм.
- 9 Тэр үед тэд та нарыг зовлон зүдгүүр лүү тушаах бөгөөд та нарыг ална. Мөн та нар миний нэрээс болоод бүх үндэстэнд үзэн ядагдана.
- 10 Мөн тэр үед олон хүн бүдрүүлэгдэж, нэг нь нөгөөгөө тушаах ба нэг нь нөгөөгөө үзэн ядна.
- 11 Тэгээд олон хуурамч эш үзүүлэгч гарч ирэн, олон хүнийг төөрөлдүүлнэ.
- 12 Түүнчлэн хуульд нийцгүй явдал олшрох учраас олон хүний хайр хөрнө.
- 13 Харин төгсгөл хүртэл тэсвэрлэх тэр хүн аврагдана.
- 14 Тэгээд хаанчлалын тухай энэ сайн мэдээ нь бүх үндэстэнд гэрчлэл болохын тулд дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд дараа нь төгсгөл ирнэ.
- 15 Тийм учраас та нар эш үзүүлэгч Даниэлаар хэлэгдсэн ариун газарт болох эзгүйрлийн жигшүүрийг хармагцаа, (уншдаг нь ойлгог)
- 16 тэр үед Иудаиад байгсад нь уулс руу зугтааг.
- 17 Дээвэр дээр байгаа нь гэрээсээ ямар нэг зүйл авахаар бүү бууг.
- 18 Мөн талбайд байгаа нь хувцас хунараа авахаар бүү буцаж яваг.
- 19 Түүнчлэн тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа!
- 20 Харин зугталтаа өвөл эсвэл шаббаат өдөрт бүү байгаасай гэж та нар гуй.
- 21 Учир нь дэлхийн эхлэлээс өнөөг хүртэл байгаагүй, хожим ч байхгүй тийм их гай зовлон тэр үед болно.
- 22 Тиймээс тэр өдрүүдийг богиносгохгүй бол ямар ч махбод аврагдахгүй. Харин сонгогдогчдын төлөө тэр өдрүүд богиносгогдоно.
- 23 Тэр үед хэн нэгэн та нарт, Ажигтун, Христ, энд эсвэл тэнд байна гэж хэлбэл бүү итгэ.
- 24 Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгч нар гарч ирээд, агуу шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлнэ. Ингэхдээ боломжтой бол бүр сонгогдогчдыг тэд төөрөлдүүлнэ.
- 25 Ажигтун, би та нарт урьдчилаад хэллээ.
- 26 Тиймээс хэрвээ тэд та нарт, Ажигтун, тэр цөлд байна гэвэл бүү яв. Ажигтун, тэр нууц өрөөнүүдэд байна гэвэл бүү итгэ.
- 27 Учир нь цахилгаан зүүнээс гараад баруун руу гялбах адил хүмүүний Хүүгийн ирэлт яг тийм байх болно.
- 28 Учир нь хүүр хаана байна, тэнд бүргэдүүд цугласан байх болно.
- 29 Тэр өдрүүдийн гай зовлонгийн дараа шууд нар харанхуйлагдан сар гэрлээ өгөхгүй болж мөн одод тэнгэрээс унан, тэнгэрүүдийн хүч чадал сэгсрэгдэнэ.
- 30 Тэгээд хүмүүний Хүүгийн шинж тэмдэг тэр үед тэнгэрт үзэгдэнэ. Мөн тэр үед дэлхийн бүх овог гашуудан улмаар тэнгэрийн үүлсийн дунд хүч чадал болон агуу сүр жавхаатайгаар ирж буй хүмүүний Хүүг харна.
- 31 Тийнхүү тэр элч нараа бүрээн агуу дуутай илгээх ба тэд нар нь түүний сонгогдогчдыг тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.
- 32 Эдүгээ инжир модны зүйрлэлээс суралц. Мөчир нь хэдийнээ зөөлрөөд, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг.
- 33 Яг үүнчлэн энэ бүх зүйлийг та нар хараад, энэ нь хаяанд, бүр үүднүүд дээр байна гэдгийг мэднэ.
- 34 Үнэхээр би та нарт хэлье. Энэ бүх зүйл биелэгдэх хүртэл энэ үе үгүй болохгүй.
- 35 Тэнгэр, газар үгүй болно. Харин миний үгс үгүй болохгүй.
- 36 Харин тэр өдөр ба цагийн талаар зөвхөн миний Эцэгээс өөр хэн ч, бүр тэнгэрийн элч нар ч мэдэхгүй.
- 37 Харин хүмүүний Хүүгийн ирэлт нь Ноахын өдрүүд шиг бас тийнхүү байх болно.
- 38 Учир нь Ноахыг авдрандаа орсон тэр өдрийг хүртэл үерээс өмнөх өдрүүдэд хүмүүс идсээр, уусаар, гэрлэсээр бас гэрлүүлсээр
- 39 тэгээд үер ирж, бүгдийг нь хамах хүртэл тэд мэдээгүй байсантай адил Хүмүүний Хүүгийн ирэлт нь бас тийнхүү байх болно.
- 40 Тэр үед талбайд хоёр хүн байхад нэг нь авагдаж, нөгөө нь орхигдоно.
- 41 Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байхад нэг нь авагдаж, нөгөө нь орхигдоно.
- 42 Тиймээс сонор сэргэг байгтун. Учир нь та нарын Эзэн аль цагт ирэхийг та нар мэдэхгүй.
- 43 Харин үүнийг мэдэгтүн. Хэрэв гэрийн эзэн, хулгайч аль цагт ирэхийг мэдэж байсан бол сонор сэргэг байж, гэрээ ухуулахыг зөвшөөрөхгүй байх байсан.
- 44 Тиймээс та нар ч бас бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй тэр цагт хүмүүний Хүү ирж байгаа.
- 45 Тэгвэл эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоол өгөхөөр тэдний дээр захирагч болгосон итгэмжит, ухаалаг боол хэн бэ?
- 46 Эзэн нь ирээд, ийнхүү үйлдэж буй түүнийг олж харахад тэр боол жаргалтай.
- 47 Үнэхээр би та нарт хэлье. Учир нь тэр түүнийг бүх хөрөнгөнийхөө даамал болгоно.
- 48 Харин ёрын муу өөр боол, Эзэн минь ирэхээ хойшлуулдаг гэж зүрх сэтгэлдээ хэлбэл
- 49 мөн бусад боолуудаа алгадаж эхэлбэл бас согтуучуудтай идэж, уувал,
- 50 тэр боолын эзэн өөрийг нь хүлээгээгүй өдөр мөн мэдээгүй цагт нь ирнэ.
- 51 Тэгээд түүнийг голоор нь хувааж, хоёр нүүртнүүдтэй хамт өөрийнх нь хувийг онооно. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв.
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.